НАС НӨГЧИГСДӨД ЗОРИУЛСАН МӨРГӨЛ (#10637)

Эзэн тэнгэр минь, Таныгаа магтан бахадъя!  Мөнхийн дээд эрх мэдлийн хүчээрээ өргөмжилсөн түүнийгээ бүү доройтуулаач, ашид мөнхийн өргөөндөө ойртоход нь тусалсан түүнийгээ Өөрөөсөө бүү холдуулаач.  Эзэн тэнгэр Таны Сүр хүчинд автагдсан түүнийг Та Өөрөөсөө зайлуулна гэж үү, Бурхан минь?  Таны ивээл дор хорогдсон түүнийг Та Өөрөөсөө хөндийрүүлнэ гэж үү, Хүсэл минь?  Өөдлөн дэвжихэд нь тусалсан түүнийгээ Та орхин хаяна гэж үү, Өөрийг тань дурсан санадаг болоход нь тусалсан түүнийгээ Та мартаж чадна гэж үү?
Таны алдар нэр хэмжээлшгүйгээр бадартугай!  Хамаг амьтны хаан, Гол Хөдөлгөгч нь өнө эртнээс Та байсан, хамаг амьтны Эзэн тэнгэр, тэднийг Захирагч нь Та үүрд байх болно.  Бурхан тэнгэр минь, Таны алдар нэр бадартугай!  Шадар зарц нартаа Та л нигүүлсэнгүй байхаа зогсох юм бол тэдэнд нигүүлсэл хайр үзүүлэх өөр хэн байх билээ?  Хайрт шавь нараа тэтгэхээс Та л татгалзах аваас тэднийг авран тэтгэх хэн байх билээ?
Таны алдар нэр хэмжээлшгүйгээр бадартугай!  Үнэнийхээ төлөө Та хайрлан бахдуулсан бөгөөд чухамдаа Таныг л бид бүгдээр шүтэн биширнэ.  Шударга ёсныхоо илрэлээр Та тодорсон бөгөөд чухамдаа Таны өмнө л бид бүгдээр гэрч болно.  Үнэнхүү Та Буян ивээлээрээ бишрэл хайрыг хүлээсэн билээ. Зовлонд нэрвэгдэгсдийн аврал, Дангаар оршигч Танаас өөр Бурхан үгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

НАС НӨГЧИГСДӨД ЗОРИУЛСАН МӨРГӨЛ (#10638)

Хамаг нүглийг арилгагч, хишиг хайрлагч, гуниг зовлонг гэтэлгэгч Бурхан минь ээ!  Биет ертөнцөөс хальж, оюун санааны ертөнц өөд халин одогсдын нүгэл гэмийг арилгаж өгөхийг Танаас сөгдөн гуйнам, би. 
Эзэн тэнгэр минь, тэдний гэмийг цагаатгаж, уй гашууныг тонилгож, амьдралын харанхуйг гэрэлтүүлж өгөхийг гуйнам, би.  Тэд нарыг аз жаргалынхаа цэцэрлэгт оруулж, хамгийн ариун рашаан усаар ариутгаж, хамгийн сүрлэг уулын орой дээр Таны сүр жавхланг ширтэн харах буяныг тэдэнд хүртээхийг залбиран гуйнам, би.

-`Abdu'l-Bahá
-----------------------

НАС НӨГЧИГСДӨД ЗОРИУЛСАН МӨРГӨЛ (#10639)

Бурхан минь!  Бурхан минь!  Үнэнхүү Таны тэнгэрлэг эрхэм дээд засгийн өмнө номхрон хүлцэж, Таны нэг нэгдмэл чанарын үүдийн өмнө бөхийн сөгдсөн Таны шадар зарц хүмүүн, Танд болон, Таны найраг үгэнд итгэж, Таны айлдвар сургаалыг батлан гэрчилж, Таны хайрын галаар асан бадарч, Таны суу мэдлэгийн далайн гүнд умбаж, Таны сэвшээ салхинд татагдаж, Танд түшин найдаж, Тань руу нүүр царайгаа хандуулан, Танд залбиран мөргөж, Таны өршөөл хайрд итгэн найдсан билээ.  Тэрээр энэ насныхаа үхэлт амьдралыг орхиж, өнө мөнхийн оронд Тантай учрах завшааныг эрэлхийлэн нисэн одлоо.
Эзэн тэнгэр минь, Түүний байр суурийг өргөмжлөн мандуулж, Өөрийн эрхэм дээд өршөөлийн асар дор багтаан, Өөрийн ялгуусан диваажинд түүнийг дуудан оруулж, тансаг сарнайн цэцэрлэгтээ мөнх орших заяаг түүнд хайрлаж, улмаар үл тайлагдах нууцат ертөнцдөө гэрэл гэгээний далайд шумбуулна уу.
Та бол үнэнхүү Өгөөмөр, Хүчирхэг, Уучлан өршөөгч, Хишиг хайрлагч мөнөөс мөн болой.

-`Abdu'l-Bahá
-----------------------

